Тайлан мэдээ


Хутаг-Өндөр Суманд зохион байгуулагдсан онцлог үйл явдлын мэдээ
“Архигүй Хутаг-Өндөрчүүд хөтөлбөр”-ийн жилийн ажлын төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Дэвжээ” тэмцээнийг 2015 оны 04 сарын 18-нд зохион байгууллаа. Тэмцээнд мэндчилгээ, уриалга, гэрийн даалгавар, баярын ширээний макет, жүжигчилсэн тоглолтоор багууд өрсөлдөж авхаалж самбаагаа сорилоо. Дэвжээ тэмцээний 1-р байрыг Г.Чимэгжаргал багштай 10а анги, 2-р байр Н.Болормаа багштай 11б анги, 3-р барыг Н.Наранцэцэг багштай 10б анги тус тус эзэллээ.
2015 оны 04 сарын 19-нд Хутаг-Өндөр сумын Эмэгтэйчүүд давамгайлсан бүлгүүдийн “Хаврын өнгө үзэсгэлэн худалдаа” зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Бүтээл хайрхан, Уран шаглаа, Мөнх-Арвижих, Мөнх-Ундарга, Мишээл, Бүтээлч, Жаргалан, Коала баавгай зэрэг бүлгүүд оролцож өөрсдийн хийсэн бараа, бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, худалдан борлууллаа. Энэ үеэр хамгийн олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бүлгээр Мөнх-Арвижих бүлэг, бүлгээрээ идэвхи зохион байгуулалт сайтай оролцсон бүлгээр Бүтээл хайрхан бүлэг тус тус шалгарч Бүлгийн идэвхижүүлэгчийн зүгээс талархал, гарын бэлэг гардууллаа.

2015 оны 04 сарын 20-нд Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн орон тооны бус салбар хороодын гишүүдийг чадавхижуулах” сургалтыг Хутаг-Өндөр суманд зохион байгууллаа. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Цэнддоо Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн н.Пүрэвжаргал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, ажлын байрны стандартын талаар мэдээлэл хийлээ. Сургалтанд Сэлэнгэ сумаас 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, Хутаг-Өндөр сумын байгууллагын дарга эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарын 70 гаруй хүн хамрагдлаа.

2015 оны 05 сарын 07-ны өдөр Хутаг-Өндөр суманд Хойд бүсийн 8 сумын Хүн эмнэлэгийн ажилтнуудыг хамарсан “Сувлихуйн шинэчлэл удирдагчаас” уриатай “Шинэ санаа-2015” онол практикийн бага хурал боллоо. Арга хэмжээнд сум бүрээс Хүүхдийн сувилагч, Лаборант, Статистикч бага эмч нарын 6-8 хүний бүрэлдэхүүнтэй нийт 65 хүн хамрагдлаа.
Бага хурал 2008 онд манай суманд зохион байгуулагдаж байсан ба жил бүр тэргүүн байранд орсон сумандаа уг арга хэмжээг хэрэгжүүлдэг уламжлалын дагуу энэ жил манай суманд боллоо.
Хурлын үеэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батсайхан, ИТХурлын тэргүүлэгчид, Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, ЭМГазрын мэргэжилтнүүдийн хамт хүрэлцэн ирж эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудын дуу хоолойг сонсож, үйл ажиллагаанд оролцлоо.
Сумдуудын дунд гар бөмбөг, ажил мэргэжлийн уралдаан, шинэ бүтээл оновчтой санаа нэртэй илтгэл, гарын доорхи материалаар хийсэн бүтээл зэрэг уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж мэдлэг чадвараа сорьцгоолоо.

Олон улсын гэр бүлийн өдрийг угтан “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг 2015 оны 05 сарын 13-ны өдөр Гэрээр айлчлах ажлын хэсгээс зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн зорилго нь гэрээр айлчлах аргачлал төслийн сайн дурын ажилтнуудыг чадавхижуулах, сонгогдсон өрхийн гишүүдэд мэдээлэл түгээж хандлагыг өөрчлөхөд оршлоо.
Арга хэмжээнд ААНБайгууллагууд, Гэрээр айлчлах ажлын хэсгийн гишүүд, сонгогдсон гэр бүлүүд оролцож дараах чиглэлээр сургалтанд хамрагдсан. Үүнд:
1. Гэрээр айлчлах аргачлал төслийн хүрээнд хийгдэх ажлын чиглэл
2. “Архигүй Булган”, “Архигүй Хутаг-Өндөрчүүд” хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл
3. Үнэн ба худал хорт зуршлын талаар
4. Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд
5. Аз жаргалтай гэр бүл маргааныг зөвшилцлөөр хэрхэн шийдэх тухай
Мөн гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж нийт 5 багийн 50 хүн оролцсон.
Уг арга хэмжээнд оролцогчид маань нийгмийн идэвхи сайтай, санаачлагатай байж зохион байгуулалт сайтайгаар өдөрлөгийг зохион байгууллаа. Амжилттай оролцсон баг тамирчдын шагналыг “Гэр бүлийн өдөр”-ийн арга хэмжээн дээр гардуулах ба сургалтын зардлыг ДЗОУБ, тэмцээний шагналыг ГХУСЗөвлөл, ГАА-ын хэсгийн гишүүд санхүүжүүлсэн байна.

Хутаг-Өндөр сумын “Баялаг бүтээгчид-2015” уулзалт 2015 оны 05 сарын 14-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтанд сумын бизнес эрхлэгч, газар тариалан эрхлэгч, малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч нарын 100 гаран хүн оролцож санал, хүсэлт, тулгарч буй асуудлаа ярьж цаашид хэрхэн ашигтай баялаг бүтээх талаар шийдэл хайлаа.
Уулзалтыг нээж сумын Засаг дарга Д.Жаргалсайхан үг хэллээ.
Уулзалтанд урилгаар аймгийн ҮХААГазрын газар тариалангийн албаны дарга н.Энхбаяр, Эрчимжсэн МАА хариуцсан мэргэжилтэн н.Дүүриймаа, Хөдөлмөрийн хэлтсийн ЖДҮХариуцсан мэргэжилтэн Г.Лхагважаргал, Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний албаны тасгийн дарга Ц.Отгончимэг нар хүрэлцэн ирж өөрсдийн чиглэлийн дагуу иргэдэд мэдээлэл өгч баялаг бүтээгчдийн саналыг сонслоо.
Уулзалтын үеэр дараах илтгэл мэдээллийг бизнес эрхлэгчдэд өглөө.
1. Баялаг бүтээгчдийн цаашдын зорилго
2. Нийгмийн даатгалын тухай
3. Төсөл хэрхэн бичих, Зээлийн батлан даалтын сан, ЖДҮДС, ХЭДСангийн мэдээлэл
4. Сумын ЖДҮйлдэрлэлийн талаархи мэдээлэл
5. Аймгийн аялал жуулчлалын талаархи мэдээлэл
6. Эрчимжсэн МАА
7. Татварын талаар мэдээлэл
8. Тарьмал ургамлыг мал амвтнаас хамгаалах журмын талаарх танилцуулга

Хэлэлцүүлгийн үеэр хамгийн их хөндөгдсөн асуудал газар тариалан эрхэлэгчид, малчдын хооронд маргаан үүсгэдэг тариан талбайд мал орох, түүнийг хэрхэн шийдэх асуудал байлаа. Тариалан эрхлэгчид болон малчид маань маргаантай асуудлаа хэрхэн зохицуулах талаар харилцан ярилцаж “Орон нутгийн захиргааны байгууллага, малчин, тариачины гурвалсан гэрээ”-гээ байгуулж ажиллахаар тохиролцсон үр дүнгээ өгсөн уулзалт, зөвлөгөөн болж өндөрлөлөө.

Олон улсын гэр бүлийн өдрийг сумын хэмжээнд 2 дахь жилдээ тэмдэглэн дараах тэмцээн уралдааныг зохион явууллаа. Үүнд:
“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг
“Миний гэр бүл” зохион бичлэгийн уралдаан
Гар бөмбөгийн тэмцээн
Хорт зуршлаас татгалсан бусдад үлгэр дууриалал үзүүлж буй гэр бүл
Залуу гэр бүлийн гэрлэлтийг баталж гэрчилгээ олгох
Шатрын тэмцээнийг тус тус зохион байгууллаа.
Мөн ЗДТГ, Соёлын төвтэй хамтран 05 сарын 15-нд баярын цэнгүүн зохион байгуулж урлагийн тоглолтоор хүрэлцэн ирсэн гэр бүлүүддээ хүндэтгэл үзүүлсэн ба тэмцээнд амжилттай оролцсон гэр бүл, баг тамирчдад шагналыг гардуулав. Цэнгүүнд олон гэр бүлүүд хүрэлцэн ирж дуулж бүжиглэж байлаа.
Сумын хэмжээнд өндөр настай 9 гэр бүлд хүндэтгэл үзүүлж дурсамж хадгалуулсан ба ирж амжаагүй буурлууддаа гэрээр нь дурсамжийг хүргүүлнэ.
Гэрлэлтээ батлуулсан залуу гэр бүлүүд
1. Н.Мөнхдөл Н.Одончимэг
2. Д.Лувсансүрэн П.Алтантуяа нарын гэр бүлүүд

Он удаан жил ханилж олон сайхан үр хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн гэр бүл
1. Л.Лхагвасүрэн Ч. Даариймаа
Үлдсэн 8 гэр бүлд гэрээр очин дурсамжийг гардуулна.

Шатрын тэмцээнд

1. Хантай багийн малчин С.Ганбаатарын гэр бүл
2. Төвийн багийн С.Мөнх-Эрдэнийн гэр бүл
3. Хонгор багийн малчин Б.Цогтбаатарын гэр

Миний гэр бүл зохион бичлэгийн уралдаанд

Н.Энхтуяа, Э.Ариунтунгалаг, Д.Мөнхчимэг нарын зохион бичлэг шалгарсан

Хорт зуршлаас татгалзан гэр бүлдээ эрүүл аюулгүй орчин бүрдүүлж бусаддаа үлгэр дууриалал үзүүлж буй гэр бүлээр

Б.Амгалан Б.Сувданчимэг, Д.Цэрэнбаяр Ц.Отгонсүрэн нарын гэр бүл

Гэрээр айлчлагч нарын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд

1.О.Бааст ахлагчтай баг тамирчид
2. С.Болдбаатар ахлагчтай баг тамирчид
3. Т.Баянмөнх ахлагчтай баг тамирчид

Гэр бүлүүдийн дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд

Төвийн багаас 2 баг, Хонгор багийн тамирчин гэр бүлүүд тус тус шалгарлаа.

Хутаг-Өндөр сумын Хантай багийн Хангинахын шугуйн шагайн тойромд эрт цагаас эрчүүд цэц мэргэнээ сорихоор “хур орсон ч хутга сийлсэн ч цуглана шүү” хэмээн болзоо тавьдаг уламжлалын дагуу монос цэцэглэх цагаар буюу 05 сарын 23,24-ний өдрүүдэд эргэн уулзаж наадлаа.

Шагайн тойромд 8 аймгийн 24 багийн 200 гаруй харваачид цэц мэргэнээ сорьхоор цугласан байлаа.
Улс, аймгийн цэц мэргэн цолтой харваачид ирсэн байсан нь энэ жилийн шагайн харваа чансаа өндөр, эртнээс уламжлан ирсэн дэг жаяг ёстой, эр хүний аливаад нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, тэвчээр, мэдрэмжийг сорьсон, өөрийн талын харваачдаа дэмжин цоллосон уухайн дуутай сайхан наадгай боллоо.
Шагайн харвааг аймгийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хутаг-Өндөр сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байгаль орчин, хэв журам, хүнсний худалдаа зэрэг бэлтгэл ажлыг ханган ажиллалаа.

Шагайн харваанд цэц мэргэнээ сорьсон харваачдаас багийн дүнгээр
1-р байр Говьсүмбэр аймгийн “Шивээговь” баг
2-р байр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын баг
3-р байр Хутаг-Өндөр сумын Уньт багийн харваачид тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

Сумын хэмжээнд “Болзошгүй гамшгийн үед нутгийн удирдлагын үйл ажиллагаа” сэдэвт удирдах бүрэлдэхүүний сургуул амжилттай болж өндөрлөлөө. Сумын Засаг даргын 2015 оны 05 сарын 26-ны өдрийн А/100 дугаар захирамжаар 05 сарын 26-ны 10 цаг 40 минутаас 05 сарын 27-ны 21 цаг хүртэл “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн” ажилласан.
Гамшгийн сургуулийг удирдлага зохион байгуулалтаар ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр, ГХУХБайцаагч хошууч А.Үүрийнтуяа, ГХТББХАМ хошууч Д.Батболд нар бүрэн хангаж, сумын удирдлага штабын 13, мэргэжлийн ангийн 66 гишүүдэд газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, объёктын гал түймэр гарсан үед гамшиг ослын аюулыг тархаан дэлгэрүүлэхгүй байх, түүний хор уршгийг арилгах, богино хугацаанд бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх зэргээр сургалт зохион байгуулж, чадавхижуулав.
Сургуулийн үеэр газар хөдлөлтийн гамшиг, ой хээрийн түймэр гарсан үед авах арга хэмжээ, тархалтыг зогсоож, хор уршгийг арилгах талаар цагийн байдлыг үнэлэж шийдвэр гаргах, малын халдварт өвчин гарсан үед мал амьтныг аврах үйл ажиллагаа явуулж буй байдал, объёктын гал түймэр гарсан үед нэрвэгдэгсдийг аварч байгаатай тус тус танилцсан.
Ийнхүү сумын хэмжээнд зохион байгуулагдсан 3 өдрийн гамшгаас хамгаалах сургуулалтыг “Дүүрэн хангалттай” гэж дүгнэлээ.

IMG_9593
“Үндэсний өв соёлоо тээгч, түгээгч” монгол бичгийн улсын олимпиадад Хутаг-Өндөр сумын С.Магсаржавын нэрэмжит бүрэн дунд сургуулийн Э.Ариунтунгалаг багштай 8А анги, Д.Мөнхчимэг багштай 9А анги тус тус 2-р байр эзэлсэн амжилт гаргалаа.
Байр эзэлсэн багш, анги хамт олны шагналыг сумын Засаг дарга Д.Жаргалсайхан, Боловсрол, соёлын газрын дарга Д.Цогоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга н.Дайвий-Од, Сургуулийн захирал Д.Ган-Эрдэнэ нар гардуулж цаашдын сурлага, хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөж хүндэтгэл үзүүллээ.

Ардын Хатанбаатар С.Магсаржав мэндэлсэний 137 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.
20 дугаар зууны Монгол цэргийн гарамгай жанжны яруу алдраар бахархан, гарамгай үйлсийг нь хойч үедээ таниула, дурсан санах зорилгоор ойн арга хэмжээг жил бүр Засаг даргын тамгын газар, төвийн багийн захиргаа хамтран зохион байгуулдаг билээ.
Энэ жил С.Магсаржавын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, Гуртын овоондоо очиж эрийн гурван наадмаа хийж, ном уншлага айлдан зуны сайхан дэлгэр өдөр дэнж хотойтол нутгийн зон олон сайхан наадлаа.

Тайлан гаргасан: ХЭХММэргэжилтэн М.Энхмаа

Share Button